Wednesday, April 11, 2018

Үрэл-Pilulae
0.1-0,5 г жинтэйгээр дотуур хэрэглэхэд зориулж бэлтгэсэн бөөрөнхий хэлбэртэй  хатуу эмийн хэлбэрийг үрэл гэж нэрлэнэ. Мал эмнэлгийн практикт үрэлийг шувуу, гахай, мууранд уулгадаг. Үрэлийн хэлбэржүүлэгч бодисоор гурил, ургамлын экстракт, нунтаг, салслаг бодис агуулсан ургамлын холимгийг ашиглана. Бэлтгэх болон жоронд бичихдээ арга нь бэмбийтэй адил байна.
Үрэл нь дээр үеэс хэрэглэгдэж  ирсэн эртний эмийн хэлбэрүүдийн нэг бөгөөд шахмал эмийн хэлбэр гарснаас хойш хэрэглэх нь цөөрсөн боловч уламжлалт эмийн хэлбэрийнг үрэл хэлбэрээр бэлтгэж болно. Үрлийн жин нь 0.1-0,5-ын хооронд хэлбэлзэх ба 4-8мм диаметртэй. Үрэл нь эмчилгээний үйлдэл үзүүлдэг эмийн бодис, үрэлд зохих багтаамж, уян хатан байдлыг олгогч туслах бодис хоёроос тогтсон нарийн бүтэцтэй эмийн хэлбэр юм. Үрэл нь дараах үндсэн шаардлагуудыг хангах ёстой.
1.    Үрэл нь ходоод нарийн гэдсэнд задарч эмчилгээны үйлдэл үзүүлэх ёстой
2.    Үрлийн зуурдас нь уян хатан, харимхай байх ёстой. Үрлийн зуурдас уян хатан харимхай байна гэдэг нь зуурдас тодорхой хэлбэрт орох чадвартай байхыг хэлнэ.
3.    Үрлийн зуурдас нь уян хатан, нягт байна. Ийм биш байвал зөөлөрч гадны хүчний нөлөөгөөр бөөрөнхий хэлбэрээ алдана. Хэрэв нягт байвал савх болгох, цаашид үрэл болгож хэлбэржүүлэхэд бэрхшээлтэй байдаг.
Үрэл бэлтгэх технологи
Үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисуудыг холих, үрлийн зуурдасыг бэлтгэх ажиллагааг эмийн бодисын физик, химийн шинж чанарт тохирсон шаазан ба хуванцар ууранд хийж гүйцэтгэнэ. Цаашид үрлийг бэлтгэх ажлыг үрлийн машин дээр үргэлжүүлэн явуулна.
Үрлийг бэлтгэх технологи ажиллагаа нь шаттай.
1.    Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх
2.    Үрлийн зуурдсыг бэлтгэх
3.    Үрлийн савхыг бэлтгэх
4.    Үрлийн савхыг хэрчих
5.    Үрлийн хэлбэржүүлэх
6.    Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох
7.    Үрлийн чанарыг үалгах
Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх
Үрлийн бүрэлдэхүүнд янз бүрийн физик, химийн шинж чанартай олон эмийн бодисуудыг нэгтгэн бичиж болох бөгөөд тэдгээрийн физик, химийн шинж чанарт нь тохируулан туслах чанарын бодисуудыг сонгон авч үрлийн зуурдсыг бэлтгэдэг.
1. Ус ба бусад уусгагчид муу буюу уусдаггүй бодисууд. Үрлийн бүрэлдэхүүнд хортой хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисууд бага хэмжээтэй орсон байвал, холихын өмнө эмийн тунг нарийн шалгаж үзнэ. Хортой, хүчтэй үйлдэл бүхий бодисуудыг ургамлын зуурдсан дотор жигд тараах цаашид тэдгээрийг үрэл тус бүрт жигд тунтай тараахын тулд нунтаг бэлтгэх дүрмийн дагуу эмийн бодисуудыг ургамлын нунтагтай холиод дараа нь өтгөн бодистай хольж хөвмөл маягийн уян хатан, харимхай зуурдсыг бэлтгэнэ.
2. Ус, глицеринд уусдаг бодисуудыг бага хэмжээний уусгагчид уусгаад уусмал бэлтгээд дараа нь өтгөн бодисуудтай холиод сүүлд нь хуурай бодис  нэмж уян харимхай зуурдас бэлтгэнэ.
3. Устай холилддоггүй шингэн бодисууд. Ийм бодисыг эхлээд эмульсжүүлэгчийн тусламжтайгаар эмульсжүүлж дараа нь үрлийн зуурдсан дотор хөвмөл, уусмал, эмульс байдлаар тархсан байна. Үрлийн бүрэлдэхүүнд орсон нунтаг эмийн бодисуудыг холихдоо нарийн нунтгийг холих ерөнхий дүрмийг баримтална. Хортой, хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисуудыг үрлийн зуурдсанд жигд тараах зорилгоор эхлээд бага зэрэг хэмжээний ус эсвэл өөр шингэнтэй спирт, глицерин хольж нухна.
Зарим тохиолдолд эмийн бодисуудыг сахартай хольж нухах аргыг хэрэглэж болно.   
Үрлийн зуурдсыг бэлтгэх
Эмийн бодисуудын холимог дээр туслах чанарын бодисоос бага багаар нэмж нухаж, үрлийн зуурдсыг бэлтгэх бөгөөд хадгалах хугацааны турш хэлбэр дүрсээ өөрчилдөггүй тийм уян хатан чанартай болгоно. Үрлийн зуурдсыг бэлтгэхдээ эмийн бодисуудыг туслах бодистой нь хольж гурил зуурах мэт зуурч нухаад элдэж бэлтгэнэ. Туслах чанарын бодисыг тодорхой дэс дараалалтайгаар бага багаар  нэмнэ. Эхлээд шингэн чанарын бодисыг авч зөөлрүүлээд дараа нь хуурай бодисыг нэмж холих нь тохиромжтой байдаг. Зуурдас бэлэн болсон нь уур нүдүүрийн хананаас өөрөө аяндаа ховхорч салдгаар тайлбарлагдана.
Үрлийн сав бэлтгэх: Үрлийн зуурдсыг бэлтгэсний дараа түүнийг пергаментан цаасаар жийрэглэж бариад үрлийн машины хавтгай шилэн  дээр тавьж хавтгай хусуур модоор хойш , урагш гулсуулж бөөрөнхийлөн цилиндр хэлбэртэй гөлгөр гадаргуутай савхыг бэлтгэнэ.
Үрлийн савхыг хэрчих: Үрлийн савхыг үрлийн машины  доод хутган дээр тавиад түүний дээрээс дээд хутгыг тавьж нааш цааш нь хөдөлгөж зүсэх байдлаар гулсуулж дарах замаар хөдөлгөн савхыг хэрчмүүд болгон хуваана. Савхыг чадамгай сайн хэрчихэд бараг бэлэн бөөрөнхий үрлүүд үүснэ.
Үрлийн хэрчмийг хэлбэржүүлэх: Бэлэн болсон үрлүүд нь бөөрөнхий хэлбэртэй гадаргуу нь тэгш жигд байх ёстой. Үрлийн зуурдсаар савх савхнаас үрлийг    хийхэд ликоподийг хэрэглэхээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Үрлийг агаарт 1-2 цаг байлгаж хатаагаад хэрэв гадаргуу нь тэгш бус байвал дахин бөөрөнхийлнө.
Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох: Үрлүүдийг хооронд нь наалдхаас хамгаалж саармаг нунтаг цацах ба тусгай бүрхүүлээр бүрхэнэ. Хамгийн дэлгэрсэн бүрхүүл нь цардуул бөгөөд хэрэв үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодис органик бодистой улвалд орохгүй бол цагаан шавар буюу талькийг хэрэглэнэ. Бүрхэхдээ 30 үрэлд 2,0-2,5г нунтаг оногдохоор бодож үрлийг машины хавтгай шилэн дээр буюу олгох саванд хийсний дараа цацах ба харин бөөрөнхийлөх хөдөлгөөн хийж болохгүй. Бүрхүүлд хэрэглэгдэж байгаа нунтаг нь сайн нунтаглагдаж шигшигдсэн (шигшүүр №1) байвал тэгш гадаргуутай үрэл гардаг. Зарим үед үрлийг муухай үнэр, амтыг далдлах, агаар чийгийн нөлөөнд өөрчлөгдөх, хатах, исэлдэхээс хамгаалах, үрлийг ходоодонд задрахгүй нарийн гэдсэнд задрах болгох, гоёмсог гадаргуутай болгох зорилгоор тусгай бүрэлдэхүүнтэй бүрхүүлээр бүрнэ. Одоо үед хамгийн тохиромжтой нь сахарын нунтагаар бүрхэх арга болоод байгаа нь үйлдвэрт хялбар байдагтай холбоотой юм. Үрлийг цардуулын цавууны уусмалтай хавтгай аяган дотор өнхрүүлээд сахарын холимогтой банкинд хийгээд хэд дахин сэгсэрнэ. Сахарын холимгийн бүрэлдэхүүнд тэнцүү хэмжээний сахар, цардуул байна. Энэ холимог   нь хамгийн нарийн ширхэгтэй нунтаг байх ёстой. Сахарын холимгоор бүрхсэн үрлүүдийг цэвэр шилэн хавтгай аяганд хийж дээрээс нь ижил аягаар таглаад гялалзсан гөлгөр бүрхүүлтэй болтол нь сэгсэрнэ. Бүрхүүл жигд бус болбол дээрх ажиллагааг дахин давтана. Сахар, сахарын холимог, шоколад зэрэг нь үрлийн муухай үнэр амтыг далдална.
Үрлийг олгох, хадгалах: Үрлийг хатуу цаасан хайрцаг ба шилэн банкинд хийж олгодог. Дэгдэмхий бодистой үрлийг сайн бөглөөтэй шилэн банкинд хадгална. Гэрлийн нөлөөнд задардаг бодистой үрлийг гэрэл нэвтрэхгүй саванд хийж харанхуй газар хадгална. Чийгэрхэг бодистой үрлийг цаасан хайрцганд хийхэд чийг нь гадагш нэвтэрч үрэл муудахгүй сайн талтай байдаг. Үрлийг сэрүүн, чийггүй байранд хадгална. Үрлийг удаан хадгалахаар бол түүний задралыг үе үе шалгаж байвал зохино.
Үрлийн чанарыг шалгах: Бэлтгэсэн үрлийн чанарыг шалгахдаа бусад эмийн хэлбэрийн адил жор, паспорт, савлалт, хаяглалт, үнэр, механик хольцыг шалгахаас гадна дараах өвөрмөц шалгуурыг шалгана.
·         Үрэл нь бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр хуурай гадаргуутай байх ба зүсч үзэхэд хөндлөн огтлолоороо нэгэн төрлийн байна.
·         Үрлийн жингийн хэлбэлзэл нь +_5%-оос ихгүй байна.
·         Үрлийн задрах хугацаа нь 1 цагаас хэтрэхгүй байна.
Үрлийн задрах хугацааг шалгахдаа 100 мл багтаамжтай шувтан колбонд 37±2° С-ын 50 мл бүлээн ус  хийгээд 1-2 үрэл хийж, секундэд 1-2 удаа хэлбэлзэж байхаар зөөлөн сэгсэрнэ

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.